Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрын ховор элемент нь эрдэс баялгийн хувьд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах гол салбар болох талаар “Монголын Эдийн засгийн форум-2023”-аар хэлэлцлээ.
“Ирээдүйн хөгжил: Газрын ховор элемент, зэс, уран” сэдвээр болсон хэлэлцүүлэгт оролцогч Австрали улсын Сансрын агентлагийн зөвлөх, “Рио Тинто” группийн бие даасан захирал Меган Кларк хэлэхдээ, Монгол Улс газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт дээр юуны өмнө энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар бодлогоо тодорхойлох хэрэгтэй байгааг зөвлөсөн юм.
Үүнд төр, засаг, байгаль орчны бодлого, шийдвэр гаргагч холбогдох төрийн яам, агентлаг, мөн олон нийтийн оролцоо чухал. Гол нь Монгол Улс дэлхийн газрын ховор элементийн салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлж өөрийн зорилгоо тодорхойлох шаардлагатай байна.
Газрын ховор элемент нь Монгол Улсын шинэ сонголт, боломж бүхий салбар юм.
Улмаар энэ салбарын эрдэмтэн, судлаачдаас эхлээд үндэсний боловсон хүчин, хүний нөөцөө бүрдүүлэх шаардлага аяндаа гарч ирнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлснээр ирээдүйн дэлхийн хөгжлийн үндэс болж буй газрын ховор элементийн салбар Монгол Улсад үр дүнгээ өгнө гэдгийг тэрбээр тодотгож байв.
Түүнээс газрын ховор элементийн салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсад хамгийн түрүүнд юу хийх ёстойг тодруулахад, “Энэ бол танай улсын хувьд шинэ сонголт бүхий асар их ирээдүйтэй салбар, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах том боломж юм” гэдгийг онцлоод, өнөөдөр олон улсад БНХАУ, Индонезээс эхлээд газрын ховор элементийн арвин нөөцтэй, түүнийгээ ашиглаж буй улс орнууд байна.
Мөн АНУ өнөөдөр газрын ховор элементийн зах зээлд хөрөнгө оруулаад эхэлсэн. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих үйл явцыг улс орнууд газрын ховор элементийг ашиглах дээр холбон хэрэгжүүлээд эхэлсэн. Ийм улс орнуудтай энэ салбарт түншлэн хамтран ажиллах нь эхний алхам юм. Шинэ салбарт шинэ түншлэл бий болж байж гэмээн боломжийг авчирна. Энэ бол эхний шийдэл юм гэдгийг тодотгосон юм.