Дэлхийн уул уурхайн томоохон төлөөлөгчийн нэг “Рио Тинто” групп Оюутолгой төслийн хүрээнд 2010-2022 онд нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Цаашид 2028-2036 онд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаа оргил үедээ хүрнэ. Ингэснээр жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн зэсийн зах зээлд 4 дэх том тоглогч болж, тэр хэрээр Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө өсөх хүлээлттэй байгааг “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын хүрээнд хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Якоб Стаусхолм: Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд өрнөж буй бүтээн байгуулалтыг нүдээрээ үзэж, Монгол орныг таньж мэдэж ойлгох нь юу юунаас чухал.
Тиймээс ч “Монголын Эдийн засгийн форум-2023”-д “JP Morgan”, “Goldman Sachs”, “Morgan Stanley”, “CITI”, “Barclays”, “HSBC”зэрэг дэлхийн топ санхүүгийн 45 байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчийг урьж авчирснаа дуулгалаа. Мөн “Рио Тинто”-гийн хувьцааг эзэмшдэг хөрөнгө оруулалтын 20 гаруй сан, хувьцааг дүгнэж, үнэлдэг 20 гаруй банкны эксперт, судлаач нар ирсэнгэв.
Энэхүү үйл явдлыг “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Олон талын, олон хөрөнгө оруулагч байх нь ашигтай. Дараа дараагийн хөрөнгө оруулагч нарыг татахад түлхэц болно” хэмээн тайлбарлан хэлж, гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд өрнөж буй бүтээн байгуулалтыг нүдээрээ үзэж, Монгол орныг таньж мэдэж ойлгох нь юу юунаас чухал. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас зарлаад буй “Монголд зочлох жил”-ийн зорилттой уялдаж буйг хэллээ.